ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН 2025 ОНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Нэг. Ерөнхий мэдээлэл.
1.1.Монгол улсын Засгийн газрын Хяналт үнэлгээний үндэсний хорооны 2024 оны 02 дугаар тогтоол, Эрүүл Мэндийн Яамны Салбарын хяналтын газар, аймгийн Эрүүл мэндийн газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу аймгийн хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 27 объектод 100 хувь, урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 20 удирдамжаар нийт 177 аж ахуйн нэгж байгууллага, 59 иргэнийг хамруулан хяналт шалгалт хийлээ.
1.2.Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан хүүхэд, хүнс, үсчин гоо сайхан, усан хангамжийн 27 объектод эрсдэлийн үнэлгээ хийхэд эрсдэл үүсэх магадлалын дундаж 40.4% дунд эрсдэлтэй, хууль сахин мөрдөлт 61.6 хувьтай үнэлэгдэж, их эрсдэлтэй 5 буюу 18.5%, дунд-19 буюу 70.3%, бага эрсдэлтэй 3 буюу 11,1% тай байна.
Хоёр.Лабораторийн шинжилгээ.
2.1.Урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар нийт 554 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсны дотор ажлын байрны агаарын шинжилгээ 14, хоолны дээж 7, хүнсний бүтээгдэхүүн 23, ундны ус 164, хөрсний дээж 16, бохир ус 16, халдваргүйтгэлийн бодис 7, ариун материалын чанар 32, арчдас 275 -г хамруулахад хүнсний 2/8.6% дээж, цэвэр усны 4/2.4%дээж, бохир усны 2/12.5%, арчдасны 23 буюу 8.31% нь чанарын шаардлага хангаагүй байна.
2.2. 24 сумын 62 худгийн усны 62 дээж, боловсролын байгууллагын 18, эрүүл мэндийн 17, хүнсний 2 усны дээжийг нян судлалын шинжилгээнд 3 үзүүлэлтийн түвшинд хамруулахад “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангасан үнэлэгдсэн.
2.3.Усны химийн шинжилгээгээр нийт 44 дээжийг хамруулахад Баянхайрхан, Их-Уул сумын 3-р худаг, Дөрвөлжин, Тэлмэн 1,2 худгийн ундны ус хатуулаг их зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.05-1.09 дахин хэтэрсэн үзүүлэлтээр ундны усны шаардлага хангаагүй шинжлэгдсэн. Эрдэнэхайрхан 3-р худаг, Ургамал сумын 1-р худгийн ундны усанд фторын агууламж бага үнэлэгдсэн.
Гурав. Авсан арга хэмжээ.
3.1.Лабораторийн шинжилгээний дүн, хяналт шалгалтын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт 127 -г гаргасны 59-үйл ажиллагааны, 26-барилгын ажлын зураг, 35-ундны усны, 9-бүтээгдэхүүний дүгнэлт гаргажээ.
3.2.Хяналт шалгалтад хамрагдсан объектуудад нийт давхардсан тоогоор 1976 зөрчил дутагдал илрүүлэн 1128 зөрчил буюу 68 хувийг нь арилгуулж, 811 заалт бүхий 57 албан шаардлагаар үүрэг өгсний биелэлт нь 82 хувь, хяналтын явцад хадгалах хугацаа дууссан 24 нэр төрлийн 312 ш, 6 кг, 1,825,000 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч холбогдох арга хэмжээ авлаа.
3.3.Хяналт шалгалтын мөрөөр зөрчил дутагдал илэрсэн 7 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд нийт 5600.0 мян/төгрөгний шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын хялбаршуулсан журмаар ногдуулан Прокурорын байгууллагад хянуулан 100 хувь барагдуулан ажиллалаа.
Дөрөв.Соён гэгээрүүлэх, сурталчилгаа:
4.1.Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг хэвшүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг идэвхижүүлэх зорилгоор салбарын холбогдох хуулиуд, ЗГ-ын 311 тушаал, ЭМС-ын А/406 тушаалаар батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт хийх, эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмүүдээр салбарын сургалтыг 7 удаа хийж 125 ААНБ, 192 иргэнийг хамруулан, байгууллагын дотоод сургалтыг 2 удаа хийлээ.
4.2.ЭМС-ын албан даалгавар, албан бичгийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллага, иргэдийн дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол хүнсээр дамжин халдварлах хоолны хордлогот халдвараас сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах ажлуудыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 117 заалт бүхий 10 удаагийн зөвлөмжийг гарган байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА,
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Б.ДОЛГОРЛХАМ







