Бага орлоготой иргэд өөрөө өөрийгөө эмчлэх явдал түгээмэл байна
Өнөөдөр "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт"-ын өдөр тохиож байна.
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/ гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлдэг байна.
Энэхүү зорилтод хүрэхийн тулд аливаа улс тэгш байдлыг хангасан, хэнийг ч орхигдуулахгүй байж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоотой байх нь чухал ач холбогдолтой юм.
Өнөө үед дэлхийн улс орон бүр, нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна.
НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтын 3.8-д "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" буюу эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилгыг тусгажээ. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд бүхий л салбарын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлох нь зүйтэй юм.
МОНГОЛ УЛСАД / ДЭМБ, ЭМЯ ХАМТРАН ХИЙСЭН СУДАЛГААГААР/
- Монгол Улсад орлогын өндөр эх үүсвэртэй хүмүүстэй харьцуулахад бага орлоготой иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж доогуур байна. Тухайлбал, олон жилийн чиг хандлагыг харьцуулж үзэхэд бага орлоготой айл өрхийн хүмүүс амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг чинээлэг иргэдээс бага хүртэж байгаа хэвээр байгаа аж,
- Бага орлоготой иргэдийг чинээлэг бүлгийн иргэдтэй харьцуулахад тусламж үйлчилгээний хэрэгцээ байгаа ч эрэлхийлэхгүй байна. Тэд эрүүл мэндийн тусламж аваагүй шалтгаан нь өвчнөө онц хүнд биш гэж үзэн өөрөө өөрийгөө эмчлэх явдал түгээмэл байгаагаас гадна төлбөрийн чадвартай нь холбоотой юм,
- Доогуур орлоготой иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх шалтгаанд тусламж үйлчилгээ авахад тулгарах санхүүгийн хүндрэл, эрүүл мэндийн байгууллага хүртэлх зай болон тээврийн хэрэгсэл дутагдалтай байх зэрэг шалтгаан багтаж байгаа юм,
- Өндөр орлоготой иргэдийн хувьд ч хүнд явцтай, архаг өвчний үед сүйрлийн зардалд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тухайлбал, санхүүгийн сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн өрхийн хувь хэмжээ орлогын бүлэг дээшлэх тусам өсөж, өрхийн эзлэх хувийн жингээр сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн чинээлэг өрхийн тоо доогуур орлоготой бүлгийнхнээс 5-10 дахин их байна гэсэн тооцоо тус тус гарчээ.
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮН АМЫН ТАЛ ХУВЬ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАЙЛШГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрсдийнхөө халааснаас шууд төлж буй төлбөрийн улмаас дэлхий дахинд 100 сая хүн ядууралд өртөж, өдөрт дөнгөж 1.9-с бага долларын орлогоор амьдарч байна,
- Дэлхийн хүн амын 12 хувь буюу 800 сая гаруй хүн өрхийн нийт орлогынхоо арваас дээш хувийг өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн зардалд зарцуулж байна, /үүнийг "сүйрлийн зардал" гэж нэрлэдэг/,
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “сүйрлийн зардлын” эрсдэл нь дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайтай өндөр хөгжилтэй орнуудад ч өрхийн төсвийнхөө арваас дээш хувийг эрүүл мэнддээ шууд зарцуулж байгаа хүн амын тоо жил ирэх тусам өсөж байна гэсэн тооцоо тус тус гарчээ.
Эх сурвалж: ЭМЯ