Д. Сэржээ /МУ-ын хүний гавъяат эмч, МАУА-ын гишүүн, МАУ-ны академич, АШУ-ны доктор, профессор, Монголын Зүрхний Эхоны Нийгэмлэгийн тэргүүн, “Буянт-Оношилгоо” эмнэлгийн захирал, зөвлөх эмч/
Оношилгоо баталгаатай байх учиртай
Зүрх судасны өвчлөл манай орны төдийгүй дэлхийн хэмжээнд нийт өвчлөлийг тэргүүлсэн хэвээр байна. Ялангуяа цусны даралт ихсэх өвчин, зүрхний ишеми өвчин улам бүр хүн амын дунд тархах хандлагатай байгаа нь сүүлийн үеийн статистик мэдээнээс харагдаж байна. Нөгөөтэйгүүр сүүлийн 3 жилд манай “Буянт-оношлогоо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт эмчлүүлэгчдийн 80% нь цусны даралт ихсэх болон зүрхний ишеми өвчний оноштой байгаа нь энэ тоо баримтыг баталж байгаа юм. Энэ нь хүн амын дунд таргалалт, хөдөлгөөний хомсдол, тамхидалт, архидалт, буруу хооллолт, хамгийн гол нь бас стресс ихээр үүсч байгаатай ихээхэн холбоотой юм. Нэн чухал асуудал нь ард иргэд маань зүрхээ өвдөхөөс урьдчилж биеэ анхааран үзлэг оношилгоо хийлгэдэггүйгээс өвдсөнөө мэдэхгүй, оройтсон үедээ эмчид ханддаг явдал юм.
Би 1991 онд Зүрхний далд ишеми, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх асуудлаар судалгаа хийж тодорхой үр дүнд хүрч байлаа. Далд ишеми гэдэг нь зүрхний титэм судас нь хатуурч цусан хангамж нь багасах эмгэг юм. Ер нь тухайн хүний зүрхний эмгэгийг эрт илрүүлэх нь өвчлөхөөс аврах, хүндрэлээс сэргийлэх, насыг уртасгах, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгодог юм. Түүнчлэн техник технологийн дэвшил нь надад 2005 онд “Цусны даралт ихдэх өвчний эхний үед нь ЭХОКГ-аар илрүүлэн оношилж, эмчилгээний үр дүнг тооцоолох асуудлаар” эрдмийн ажлаа үргэлжлүүлэн хийж АШУ-ны докторын зэрэг хамгаалах боломжийг олгосон юм. Одоо харин эдгээр судалгааныхаа үр дүнг зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд нутагшуулах ажлыг өдий хүртэл хийж, өөрийн гарын шавь нарыг сурган бэлтгэсээр байна.
Иргэдийн дунд нэг ташаа ойлголт байдаг нь сайн аппарат тоног төхөөрөмжтэй л бол сайн оношилно гэсэн ойлголттой байдаг явдал юм. Хэдийгээр техник технологийн шинэчлэлийг дагаад улсын болон хувийн эмнэлгүүд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа ч гагцхүү тэр аппаратан дээр маш туршлагатай, өндөр мэргэшсэн эмч ажиллаж байж тухайн аппаратны хэргийг гаргадаг юм. Хамгийн гол нь оношилгоо баталгаатай байх учиртай. Өнөө үе бол нотолгоонд суурилсан анагаах ухааны үсрэнгүй хөгжлийн үе тул бид энэ цаг үетэй хөл нийлүүлэхийн тулд байнгын судалгаа, шинжилгээ хийн гарсан үр дүнд тулгуурлан бодитойгоор өвчний оношийг тавихын тулд хичээж ажиллаж байна. Манай “Буянт-оношлогоо” эмнэлэг нь зүрхний төрөл бүрийн өвчний оношлогоог Phillips HD15 зүрхний 3D өнгөт эхокардиографийн аппаратын тусламжтайгаар хийж байна. Өвчний оношийг бүрэн тогтоож, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, хяналтандаа авч, цаашдын хүндрэлээс сэргийлэх, шаардлагатай тохиолдолд Улаан хоолойн ЭХОКГ, коронароангиографи, КТГ, цөмийн оношилгоо зэрэг дараагийн шаталсан шинжилгээнүүдэд цаг алдалгүй явуулж, өвчний асуудлыг цогцоор нь шийдэн ажиллаж байна. Энэ бүхний ард олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан өндөр мэргэшсэн, чадавхитай зүрхний нарийн мэргэжлийн эмч нарын баг хамт олон санаа нэгдэн ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
Миний бие нь зүрх судасны өвчний оношлогоог чанартай, түргэн шуурхай, хамгийн гол нь цагийг нь олж, эрт хийх асуудалд өөрийн мэдлэг чадвар, амьдралынхаа олон жилийг зориулсан бөгөөд эргээд харахад миний эрдмийн олон ажлын зорилго зөвхөн үүнд л чиглэсэн байна.