Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 71 сурагч хоолны хордлогын халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас эрүүл, эрсдэлгүй шинэ оноо угтах талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

2018 онд улсын хэмжээнд хоолны хордлого өмнөх жилүүдээс их, тодруулбал нэг дор 30-аас дээш хүнийг хамарсан хордлогын тохиолдол олон гарсан. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Аягүлээр ахлуулсан баг халдварын голомтод ажиллаж байгаа.

Эхний ээлжинд клиникийн шинж тэмдэг хурц илэрсэн 47 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн. Үлдсэн 12 хүүхдийг дотуур байранд тусгаарлан, жижүүр эмчийн хяналтын дор эмчлүүлж байна. Өнөөдрөөс эмчлэгдсэн эхний хүүхдүүдийг эмнэлгээс гаргаж эхэлж байна. Лабораторийн шинжилгээгээр хүүхдүүд ишрихаколи буюу хоолны хордлого үүсгэдэг гэдэсний халдварт өвчний нян илэрсэн. Энийг цааш нь ялган, ямар хэв шинж байгааг гаргана гэв.

ХООЛНЫ ХОРДЛОГЫН ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ТУХАЙН ХООЛЫГ ИДСЭНЭЭС ХОЙШ
2-6 ЦАГИЙН ДОТОР ИЛЭРНЭ


Шинэ жилийн баярын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн эмч Мөнхзул зөвлөж байна.

Олон нийтийн хамарсан үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, баарууд эрүүл, аюулгүй хүнс сонгон, аюулгүй орчин хадгалж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах хэрэгтэй. Хоолны хордлогот халдварын үед: 

  • Ходоо гэдэс хямрах
  • Дотор муухайрах
  • Хэвлий, аюулхайаар базалж өвдөх
  • Гүйлгэх, бөөлжих
  • Халуурах шинж тэмдэг илэрч байна.

​Хоол хэрэглэсэнтэй холбоотойгоор хордсон бол эхний шинж тэмдгүүд маш хурдан илэрдэг. 2-6 цагийн хугацаанд дээрх шинж тэмдгүүд илэрнэ. Хоолны хордлого авлаа гэж үзвэл хамгийн ойр байгаа эмнэлэгт, Улаанбаатарт бол ХӨСҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Мөн ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас руу залгаж, зөвлөгөө авах боломжтой.

Эх сурвалж: news.gogo.mn

Бидэнтэй хамтран ажиллах

Холбоо барих