Зүрхний ишеми өвчин
Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин гэнэ.
Шинж тэмдэг:
Цээжээр өвдөх нь зүрхний ишеми өвчний нэг гол шинж тэмдэг юм. Зүрхний цусан хангамж багассанаас эсвэл миокардад хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрхний булчин гэмтэж, цээжний зүүн талд, зүрхний орчимд эвгүй оргих, давтах байдалтайгаар өвдөлт илрэхийг стенокарди гэнэ. Өвдөлт нь зүрхний цусан хангамжийн дутагдлын улмаас үүсч буй судасны гаралтай өвдөлт байдаг.
Стенокардийн үед дарж, базаж, атгаж, нухаж, хорсож байгаа мэт өвдөлт илэрдэг. Зарим тохиолдолд хүчтэй өвдөлт илрэхгүй зөөлөн дарж байгаа мэт болох, цээж хүндрэх, бачуурах шинж илэрнэ.
Өвдөлтийн хүч нь ямар ч байж болох ба хамгийн чухал нь дунд зэргийн өвдөлт нь ч амь насанд аюултай байж болно. Өвдөлт нь өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлөн тэрээр нам гүм болж өөрийн биеийг чагнасан байдалтай болно. Нүүр царайны илрэл нь өөрчлөгдөн нүдэнд нь айдас төрсөн, цонхигор царайтай болдог. Тэр ч бүү хэл судасны сулхан өвдөлтийн үед өвчтөн унтаж чадахгүй байдаг.
2-3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэтийн өвдөлт нь /приступ/ 1 минутаас бага хугацаагаар үргэлжилнэ. Хэрэв өвдөлт нь 20-30 минут түүнээс дээш хугацаагаар үргэлжилвэл зүрхний шигдээс үүснэ. Нөгөө талаасаа хэрэв өвдөлт 1 цаг хүртэл үргэлжилсэн ч зүрхний шигдээсэд хүргэхгүй бол энэ нь судасны гаралтай биш гэсэн үг.
Шалтгаан:
- Титэм судас атеросклерозын эмгэг өөрчлөлттэй болох
- Титэм судас эмгэг өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хүчтэй хямралд орох
- Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдаж судас рефлексын замаар гэнэт хүчтэй агших
- Титэм судас тромб буюу эмболигоор гэнэт бөглөрч, цусны урсгал тодорхой хэсэгт хаагдах
- Титэм судасны эндотель өөрчлөгдөх
- Титэм судасны төрөлхийн гаж өөрчлөлт
- Зүрхний булчингийн цусны бичил эргэлт (микроциркуляци) хямрах
- Цус бүлэгнүүлэх системийн идэвхжил нэмэгдэх
- Зүрхний булчингийн гипертрофи
- Эдгээр шалтгаанууд заримдаа хэд хэдээрээ ч хавсарсан байж болно.